~Сайхан үгс нь хэлхээтэй сувд мэт~

Хамгийн гоё

Хялбар хайлт


Биднийг дэмжээрэй


Танд баярлалаа. Сайн үг тарааж сайны үрийг тарьцгаая.

С.Чулуунтогтох: “Дисней”-н жишгээр монгол хүүхэлдэйн кино хийж байна



-КИНОНЫ ДҮРИЙН ГУРВАН ХҮҮХЭД ЭДҮГЭЭ ЦАГААС ҮЛГЭР 
ДОМГИЙН ЕРТӨНЦӨД ЗОЧИЛНО-
-Юуны өмнө хийхээр төлөвлөөд буй хүүхэлдэйн киноныхоо талаар товч ойлголт манай уншигчдад өгөхгүй юу?
С.Чулуунтогтох: -Монголд одоогоор бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино гараагүй байна. Гэхдээ нилээд хэдэн студи энэ ажилд ханцуй шамлан орсон. Яг одоо хүүхэлдэйн киноны тэсрэлтийн үе, эрин үе нь Монголд эхэлж байна гэж хэлж болно. Бидний хувьд анх бүрэн хэмжээний 3D кино хийхээр төлөвлөсөн ч, нилээдгүй их туршлага шаардлагатай тул юуны өмнө 2D кино хийхээр шийдвэрлэсэн. Хүүхэлдэйн киногоо бид “Шидэт хуудас” гэж нэрлэсэн.
-Хэдэн минут байхаар төлөвлөсөн бэ?
С.Чулуунтогтох: -Нэг цаг буюу 60 минутын кино болно.
-Кино одоо ямар шатандаа яваа вэ?
С.Чулуунтогтох: -Хүүхэлдэйн киноны маань бүх дүр гарчихсан байна. Яг одоо зураг руугаа орчихсон, нэг сцени дуусах дөхөөд байгаа. Энэ дуусахаар бид телевизүүдээр үнэ төлбөргүй цацахаар төлөвлөсөн.
-Ингэж их хөдөлмөр зарсан бүтээлээ үнэ төлбөргүй цацах гэж үү?
С.Чулуунтогтох: -Тийм ээ. Энэ хүүхэлдэйн киног цацахаар сонирхож буй телевиз, сайт гээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс ямар ч төлбөр авахгүйгээр цацна. Бид эхний бүтээлээ Монголчуудад бэлэг болгон барьж байгаа юм.
-Гадуур хийгдэж байгаа кинонуудыг харж байхад ихэвчлэн дүрүүдээ Монгол баатар, үлгэр домгийн дүр байхаар сонгож байна. Танай дүрүүд ямар онцлогтой вэ?
С.Чулуунтогтох: -Киноны гол дүрийн гурван хүүхэд бий. Энэ гурван хүүхэд орчин үед буюу эдүгээ цагт амьдардаг. Эдүгээ цагаас үлгэр домгийн ертөнцөд зочилж, энэ хугацаандаа үзэгч хүүхдүүдэд эв нэгдлийн тухай ойлгуулах юм. Мэдээж үлгэрийн ертөнцөд бидний мэдэх үлгэр домгийн баатрууд орж ирнэ. Хэдийгээр үлгэр домгийн баатруудыг ашиглаж байгаа ч бид Диснейн жишгээр хүүхэлдэйн киногоо хийж байгаа. Учир нь Монголын хүүхэлдэйн киноны салбар 25 жил тасарчихлаа. Энэ хооронд үзэгчид маань барууны болон Азийн маш сайн, чанартай, мундаг хүүхэлдэйн кинонуудыг үзсээр байгаад өндөр түвшний бүтээл хүлээж байгаа. Одоо баримлын шавраар нэг хүүхэлдэй хийвэл хэн ч сонирхохгүй шүү дээ. Тиймээс Диснейн жишгээр хөдөлгөөн, өнгө зэргийг хийж байгаа.
-Дүрүүд дээр ямар хүмүүс ажиллаж байгаа вэ?
С.Чулуунтогтох: -Манай багийнхан бүгд ажиллаж байгаа. Тухайлбал, монгол хэв маягаа алдахгүй, уламжлалаа алдахгүй, хөдөлгөөнөө хөшүүн байлгахгүйн тулд хэт чамин зүйлс оруулахгүй гэх мэтээр ярилцана. Эмэгтэй гол дүрдээ зохиолч Б.Мөнхтуяагийнхаа дүрийг тусгасан. Энэ мэтээр дүрүүдээ босгохын тулд дандаа л хүнээс санаа авна. Амьтан ч байсан дуу оруулж байгаа жүжигчинтэйгээ адилхан байх гэх мэт зүйлс бий. Мөн Тодоо гэдэг хүүхдийн дүрд манай том хүүгийн төрх тусгагдсан байх жишээтэй. Тохирох төрхийг бодож олоод дүрдээ тусгадаг. Одоо ойролцоогоор 20-25 дүр бий. Цөөхөн дүрээ бага хөдөлгөж аргалахгүйгээр аль болох сонирхолтой байлгах үүднээс бид огт залхуурахгүй, нилээд бүтээлчээр ажиллаж байна.    
-НЭГ СЕКУНДЫН ХӨДӨЛГӨӨН ГАРГАХЫН ТУЛД 25 ЗУРАГ ЗУРДАГ- 
-Зургуудаа хөдөлгөхдөө шууд компьютер график ашиглаж байгаа юу?  
С.Чулуунтогтох: -Уламжлалт арга болон техник технологийг хослуулан ашиглаж байна. Зураач нар зургаа зурна, “Frane Frame” ашиглаж зурсан зургаа компьютерт скайнердэж оруулан, “line”-дах буюу программ дээр давхар зурж байгаа юм. Ерөнхийдөө хоёр удаа хүүхэлдэйн киногоо хийчихэж байна гэсэн үг шүү дээ. Нэмээд стори боард /story board/-ыг тооцвол бүр гурван ч удаа хүүхэлдэйн киногоо хийчихэж байна.
Б.Мөнхтуяа: -Ерөнхийдөө бүх хөдөлгөөнийг гараар зурж байгаа. Зурсан хөдөлгөөнүүдийг компьютерт оруулж байгаад, оруулсан зургаа хөдөлгөнө. Үзэгчдэд энгийнээр тайлбарлахад дэвтрийн булангууд дээр цуврал зураг зураад, хөдөлгөж үздэг шиг компьютерт дарааллаар нь оруулаад хөдөлгөж байна гэж хэлж болно.
С.Чулуунтогтох: -Дараа нь мэдээж будах ажил, байкграунд /background/, хөгжим, дуу гээд л кино яаж бүтдэг шиг үргэлжилнэ. Гэхдээ киноноос ялгаатай нь жүжигчдийг бид өөрсдөө хийсвэр ертөнцөд гаргаж ирж байна гэсэн үг юм. Кинонд бодит жүжигчин тоглоод өнгөрчихдөг бол хүүхэлдэйн киног бүтээхийн тулд эхлээд жүжигчдээр этюд хийлгэдэг. Энэ этюдын хөдөлгөөнийг харж зураад компьютерт оруулдаг. Энэ мэтээр хэд хэдэн томоохон шат дамжлагыг дамжиж байж хүүхэлдэйн кино бүтдэг дээ.
-Бүтэн цагийн кино хийхийн тулд та бүхэн ойролцоогоор хэдэн зураг зурж байгаа вэ?
С.Чулуунтогтох: -Нэг секундын хөдөлгөөн 25 зураг гэхээр 10 секундэд 250 зураг зурна. Бид эхний ээлжийн ноорог, туршилтын зурагтайгаа нийлээд нэг портер бичгийн цаас ашиглана гэж тооцсон шүү (инээв. сурв)
Б.Мөнхтуяа: -Ерөнхийдөө сторибоард маань зурагдчихсан байгаа. Энэ дагуу дүрүүдтэй ойролцоо биетэй, жүжигчний ангийн хүүхдүүд этюд хийж хөдөлгөөнөө бидэнд үлдээснээр тэр дагуу зураг явна. 2D хүүхэлдэйн кино гэдэг чинь бидний шимтэн үздэг Диснейн “Үнсгэлжин”, “Цасангуа ба долоон одой”, “Араатны хаан арслан” гээд кинонууд шиг гэсэн үг. Магадгүй 3D кинонуудаасаа ч илүү хүний сэтгэлд хүрдэг байх. Зураач хүүхдүүд маань ч гэсэн нилээд чадварлаг, их сэтгэлтэй учраас сайн бүтээл гарах болно. Мөн энэ чиглэлээр төгссөн мэргэжилтнүүдийг дараа дараагийн ажлын байранд нь бэлдэх зорилготой. Бид ганцхан ийм ажил хийгээд л орхичих биш, дараа дараагийн олон хүүхэлдэйн кино хийхээр төлөвлөөд байна.
-Зохиолын талаар ярихгүй өнгөрч болохгүй болов уу. Эцэг эхчүүд хүүхэддээ уншуулах ном, үзүүлэх нэвтрүүлэг, киноны агуулгад нилээд анхаардаг цаг үе ирсэн шүү дээ?
Б.Мөнхтуяа: -Орчин үеийн хүүхдүүд цахим ертөнцөд хэт их автаж, гар утас, компьютер гэх мэтийг ашиглахаас номын сан орж, үлгэр домог уншина гэдэг их ховорхон болсон. Тиймээс Монголын эртний үлгэр домгууд өнгөрсөнд ч, одоо ч байдаг юм шүү, тэрийг хадгалж үлдэх хэрэгтэй юм шүү гэдгийг орчин үеийн гурван хүүхдийн адал явдлаар харуулсан. Номондоо дургүй гурван хүүхэд номоо урснаар үлгэрийн ертөнцөд ирнэ. Энэ ертөнцөд тэдэнд юу тохиолдож, тэд юутай танилцаж, юуг олж мэдэж, суралцах вэ гэдэг нь киноны үргэлжлэл болох юм. Зүйр цэцэн үгийн тайлал, эв найрамдалтай бол ямар их зүйлийг бүтээж болох зэрэг Монгол ардын ямар үнэт зүйлсээс хүмүүжил авч болохыг шингээж өгсөн. Тухайлбал, кинонд гарах гурван хүүхдийн дүр хоорондоо зөрчилтэй байх жишээтэй. Нэг нь жаахан сахилгагүй, охин нь жаахан ихэмсэг, хээнцэр ганган байхад, нэг нь хэтэрхий номын байна. Энэ гурван зөрчилтэй дүр хэрхэн эв нэгдэлд хүрж, амжилтад хүрч байгааг гаргаж байгаа. Мөн хүүхэлдэйн кинонд бидний мэдэх маш олон үлгэрийн баатруудын бренд дүр гарч ирнэ. Жишээлбэл, Болдоггүй бор өвгөний дүр төрхийг хүн болгон өөрийн дотооддоо төсөөлсөн байдаг. Бид үүнийг яг л ийм байдаг шүү гэх бренд дүрийг гаргахаар зорьсон. Зохиол дээр миний бие болон залуу зохиолч Ж.Сувдаа нар ажилласан. Зохиолынхоо хэлбэрийг Холливуд стандартаар, адал явдалтай, өрнөлтэй, оргилтой байхаар бичсэн. Адал явдлаас адал явдал гэх байдлаар уйдах зав өгөхгүй ээ.
-Дүрслэл бэлэн болохоор дуу оруулалт, хөгжим, дуу чимээний асуудал гарч ирнэ. Хэрхэн шийдэж байгаа вэ?
С.Чулуунтогтох: -Дуу оруулалт хийлгэхээр нилээд мэргэжлийн жүжигчдэд бид хандсан байгаа. Одоогоор яг хамтран ажиллах гэрээгээ хийгээгүй учир олон нийтэд нэрийг нь зарлах боломжгүй. Юуны өмнө бид тест дуу оруулалт хийнэ, үүний дараа жинхэнэ дуу color: #231f20; font-family: Tahoma, Arial, sans-serif; font-size: 12px; line-height: 18px; padding: 0px 0px 10px; text-align: justify;"> -Зураг дээр хэдэн зураач ажиллаж байгаа вэ? Ер нь танай баг хэдэн хүнээс бүрдэж байна вэ?
С.Чулуунтогтох: -Манай багт 18 хүн ажиллаж байгаагийн ес нь зураач, графикч юм. Бид аль болох бие биенээ нөхөж ажиллаж байгаа. Зураачид мэргэжлээрээ сургуулиа төгссөн болон одоо суралцаж байгаа оюутнууд юм. Мэдээж ерөнхий зураач, ерөнхий графикч ахалж, бусдыгаа удирдах байдлаар ажилладаг. Энэ бүхнийг “базаж” байгаа анимейтор бий.
-ДЭЛХИЙН ТОП 10 ПРОГРАММЫН ЖАГСААЛТЫН ХОЁРТ БИЧИГДДЭГ 
ТЕХНОЛОГИЙГ АШИГЛАЖ БАЙНА-
-Энэ өргөн зах зээлд тийм ч их ашиг орлого олох эсэх нь тодорхойгүй хүүхэлдэйн кино хийхээр сонгосон нь сонирхолтой юм?
С.Чулуунтогтох: -Энэ бол миний мөрөөдөл. Би багаасаа л хүүхэлдэйн кино үзэж өссөн. Хүүхэлдэйн кино үзэж байхад аав минь хүртэл өөр юм үзмээр байсан ч намайг дагаад л үзээд суудаг. Ах дүү гурвуул аавынхаа хамт гэр бүлээрээ, халуун дулаан уур амьсгалтайгаар хүүхэлдэйн кино үзээд суудаг байсан нь маш сайхан дурсамж болж үлдсэн шиг санагддаг. Тиймээс л одоогоос зургаан жилийн өмнөөс эхлэн хүүхэлдэйн кино хийх тухай бяцхан төсөл бичээд мөнгө хайж явсан. Гэвч тийм ч их амжилтад хүрээгүй. Энэ удаад би ивээн тэтгэгч хайж явахаасаа илүүтэй шууд л хийж эхлэхээр зориглосон. Монголд нэг л хүүхэлдэйн кино гараад ирэх юм бол бусад нь ар араасаа гарсаар, энэ зах зээл өргөжин тэлж, өрсөлдөөн бий болсноор энэ салбар илүү хөгжиж, бизнесмэнүүд ч мөнгө “хаяж” эхлэх байх. Энэ хэрээрээ монгол хүүхдүүд орчин үеийн техник технологи ашиглаж хийсэн, өндөр түвшний кинонууд үзэх боломжтой болно.
-Монгол ахуйг тусгасан хүүхэлдэй кино хийхийн давуу тал юу юм бэ?
С.Чулуунтогтох: -Япон, Солонгос, Хятад, Холливуд гээд өөр өөрийн орны соёлыг тусгасан хүүхэлдэйн киногоороо дэлхийд танигдаж эхэлсэн. Нэг ёсондоо өөрийн соёлыг гадны улс орнуудын соёлд нэвтрүүлж чадаж байна. Бид ч бас яагаад ингэж болохгүй гэж. Монгол улсаа сурталчлах, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, гадны улс орны хүүхдүүд манай үлгэрийн баатарт дуртай болох, Монголд ирж үзэх гэх мэтээр үргэлжлүүлж болно шүү дээ. Дисней гэхэд зөвхөн үлгэрийн баатруудаа ашиглаад бүхэл бүтэн хот байгуулчихаад байна. Энэ газар аялал жуулчлалын маш том бааз болчихсон байхад монгол баатрууд ч бас нэрд гарах боломж бий. Хүүхэлдэйн киног том, жижиг, хар арьстай, цагаан арьстай гэж ялгахгүй бүгд л үзэж, хайрлаж, дурлаж байдаг шүү дээ.
Б.Мөнхтуяа: -Хүүхэлдэйн киноны ертөнц одоо шинэ санаагаар ангачихсан байгаа. Өнгөрсөн 2015 онд Японы хамгийн томоохонд тооцогддог манга авардсын тэмцээнд монгол залуугийн “Бумбардай аргалд явсан нь” бүтээл түрүүлсэн. Одоо Японы компани түүний энэ бүтээлийн санааг худалдаж аваад хүүхэлдэйн кино болгож байна. Иймд бид өөрсдөө өөрсдийнхөө санааг ч хөгжүүлэн, хүүхэлдэйн кино болгож чаддаг байх хэрэгтэй болов уу. Манай залуус сэтгэл зүрхээрээ нэгдэж, маш урам зоригтойгоор ажиллаж байгаа. Бүгд тойрж суугаад л, дүрүүдийнхээ тухай ярина, ингэж ярихаараа бүгд хүүхэд шиг болцгоочихно. Тэдэн шиг сэтгэж, тэдэн шиг бодож, тэдэн шиг хүснэ. Бүгд л эргээд хүүхэд насандаа оччихдог гэж хэлж болно. Үүнийхээ дагуу зургаа зурж, этюдээ хийнэ, хөдөлгөнө гээд өдөр тутамд бид маш гэгээлэг ертөнцөд амьдарч, инээд баяр хөөртэй өдрүүдийг өнгөрүүлж байна. Ажилдаа ирэхээрээ бүх зүйлээ умартаад хүүхдийн ертөнцөд зочилдог доо.
Магадгүй монголчууд хийж байна гэхээр чамлах, үл тоомсорлох хандлага гарч болох юм. Та бүхэнд бидэнд юу амлаж чадах вэ?
С.Чулуунтогтох: -Тийм ээ. Монголчууд хийж байна гэхээр л басамжлах өнгө аяс илэрдэг. Аргагүй ээ, үзэгчид барууны соёлоор хангалттай хөгжчихсөн байна. Монголын хувьд хүүхэлдэйн кино бүтээгчид 25 жилийн дараа цоо шинээр эхэлж байгаагаас ялгаагүй. Гэхдээ техник хөгжсөн, судалгаа сайн хийсэн байхад энэ тал дээр санаа зовох зүйлгүй. Манайх гэхэд дэлхийд зарлагдсан 2D анимеэйшин бүтээх топ 10 программын хоёрт орж байгаа программыг ашиглаж байгаа. Энэ нь нэг зургаас нөгөө зураг руу шилжих хөдөлгөөнийг илүү уян налархай болгодог байх жишээтэй. Мэдээж Диснейтэй харьцуулашгүй ч ойртохыг хичээж байна.
Б.Мөнхтуяа: -Хүүхэлдэйн кино маань өөрийн гэсэн дуутай, клипийг нь хийхээр дүрсжүүлэлтэн дээрээ ажиллаж байна.
С.Чулуунтогтох: -Бид дараагаар нь цуврал 20 ангит хүүхэлдэйн кино хийхээр төлөвлөөд байна. Эхний таваас зургаан ангийг хэвлэлүүдээр үнэгүй цацна. Дараагийн зургаа, долдугаар ангид хамтран ажиллах байгууллагууд саналаа илгээх болов уу гэж найдаж, хүлээж байгаа. Эхний киногоо мэдээж бид монголчуудад зориулж байгаа. Дараа дараагийн киногоо мэдээж гадагшаа гаргахаар төлөвлөсөн. Бидний гол зүйлсийн нэг бол санхүүжилт. Эхний киногоо хийж, хийсэн бүтээснээ бусдад харуулж, үзүүлэх юмтай болсон үедээ цаашдын бүр том ажлууддаа орно. Хоёр дахь, гурав дахь бүтээлүүд дэлхийн зах зээлд Монголоо сурталчилсан бүтээлүүд байх болно.
-Хүлээлттэй байгаа эцэг эхчүүддээ хэдийгээр нээлтээ хийхээр төлөвлөөд байгааг дуулгавал?
-2016 оны намар нээлтээ хийхээр төлөвлөөд байгаа. Бид бүр есдүгээр сарын 5 гээд өдөр заагаад товлочихоод суугаад байгаа шүү (инээв. сурв) Гол нь бид санхүүгийн зорилгогүйгээр, хүсэл мөрөөдлөөрөө нэгдэж, энэ киног хийж байгаа болохоор ажил нилээд урагштай явж байна. Цаашид санхүүгийн дэмжлэг үзүүлэх тал дээр үндэсний үйлдвэрүүддээ нилээдгүй найдлага тавин ажиллаж байгаа. Хоёроос гурван долоо хоногийн дараа нэг сцени бэлэн болчих тул хэвлэлүүдээр цацаад эхэлнэ. Түүнээс бидний хүүхэлдэйн киноны ерөнхий өнгө, төрхийг та бүхэн хараарай.
Б.ГЭРЭЛ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Н.АНХБАЯР
Эх сурвалж: medee.mn

Д.Хурцаа: Чоно агнахаар хийморь сэргэдэг гэсэн сэтгэлгээ Хятадынх


A41146 3750 x320Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Хурцаатай ярилцлаа. -Таны нэрийг анчин Хурцгэрэл, Хурц, Гэрэл гээд олон янзаар бичиж дуудах юм. Яг аль нь таны албан ёсны нэр юм бэ?

-Миний иргэний үнэмлэх дээр Д.Гэрэл гэсэн нэр байдаг. Гэхдээ Хурцаа гэдгээрээ дуудуулах дуртай. Миний багын нэр л дээ. Намайг бага байхад хүнд өргүүлсэн. Очсон айл маань удахгүй хүүтэй болж би эргээд ээж аав дээрээ очсон байдаг юм. Өргүүлсэн айл маань Гэрэл гэсэн нэр өгсөн байсан.

Тэгээд Хурцаагаараа явж байгаад наймдугаар ангидаа иргэний үнэмлэх авахдаа Гэрэл гээд бичүүлсэн. Одоо бол Хурцаа гэдэг нэртэй. Сонгууль, бичиг баримт гэхээрээ л аргагүй Гэрэл нэрээ ашигладаг.

-Та Төв аймгийн Мөнгөнморьтод амьдарч байгаа гэсэн. Нутаг орноор тань сонин ихтэй юу?

-Хэрлэнгийн Таван салааны гүүрийн наахна талд амьдардаг. Тэндээ хүлэмж байгуулаад сүүлийн хэдэн жил мод үржүүлгийн ажил хийж байна. Нутагт минь хавар цаг айлсаад сайхан байгаа. Хурдан л буцмаар санагдаж байна шүү. Сайхан амьдрал хөдөөд л байна. Хотод бол байдал эсрэгээрээ хамаг муу муухай бүхний үүр уурхай мэт санагдах юм.

-Хотод ирээд хэд хоноод нутгаа санаад эхэлсэн байх шив?

-Тийм ээ. Сайхан амьдрал хөдөөд л байна. Хотод бол байдал эсрэгээрээ хамаг муу муухай бүхний үүр уурхай мэт санагдах юм. Бид хотоос хүн ирэхэд “Яана аа. Муухай ханиад тээгээд ирсэн байх вий” гэж ярьдаг. Мөн хотынхон идэж байгаа зүйлээ их л сайхан гэж боддог байх. Гэтэл тэр нь бүх л өвчнийг үүсгэгч болж байна шүү дээ. “Энэ хөдөөний халтар өвгөн юу яриад байна” гэж магадгүй. Гэхдээ бодит үнэн юм шүү дээ. Хүн гэдэг байгалийн амьтан. Байгальдаа л байж жинхэнэ мөн чанараа олдог байх.

-Анчин хүн мод үржүүлж байна гэхээр сайхан хэрэг. Таны амьдрал байгаль орчинтой ингэж холбогдож байгаагийн учир юу юм вэ?

-Би 2008 оноос мод тарьж эхэллээ. Хүн хаа явсан газраа иргэнийхээ үүргийг биелүүлж байх хэрэгтэй.Хэчнээн гурван үеийн гөрөөчин ч гэлээ байгалиа хамгаалах сэтгэл надад бий. Мөн бусдыг манлайлах, аливаа бүхнийг сайн сайхан руу уриалан дууддаг оргилуун сэтгэл яагаад ч юм бэ төрөөд байдаг. Тэгэхгүй амьдралын нэгэн хэм хэмнэлээр урсгал дагаад явна гэдэг надад утгагүй.

-Гурван үеийн гөрөөчин гэсэн. Өвөө аавынхаа ажил хэргийг үргэлжлүүлж явна гэдэг сайхан хэрэг шүү?

-Миний өвөө Баатар хэмээх гөрөөчин байсан. Аав минь бас л анчны замналыг туулсан. Би тэрийг нь өвлөж аваад ажилласан. Тухайн үед ан бүхий аймгуудад ангийн бригад гэж гардаг байлаа. Тодорхой хуваариар ангаа хийнэ, хажуугаар нь байгалиа хамгаалахаар ажиллана. Би энэ мэргэжилдээ хайртай дуртай гэж жигтэйхэн байлаа. Одоо энэ мэргэжлийн маань үнэ цэнэ алдагдаж байгаад харамсдаг.

Анчид гэхээр л амьтан бууддаг алдаг хүмүүс гэж ойлгох болж. Нийгэм ч яг тэгж хүлээж авдаг болсон. Уг нь бол бид өв тээгчид байгаа юм. Өөрсдийн гэсэн өв уламжлалтай, дотроо дүрэм журамтай байдаг.


Анчид гэхээр л амьтан бууддаг алдаг хүмүүс гэж ойлгох болж. Уг нь бол бид өв тээгчид байгаа юм.



-Ямар дүрэм журам гөрөөчдийн дунд үйлчилдэг юм бол?

-Гөрөөчин хүн олзонд нүд анидаг байх хэрэгтэй. Ахмад гөрөөчид маань “Эр хүн шороо чулуу орсон үед л нүд аньдаг. Гэхдээ чи гөрөөчин болъё гэж бодож байгаа бол олзонд нүдээ аньж сур. Түүнийхээ дараа хөх төмрөө хөндлөн үүрээд яв” гэж сургадаг байлаа. Одоо энэ уламжлал алдагдаж байна. Бидний орон зайд огт өөр хүмүүс ороод ирлээ. Олз хайж, ашиг хонжоо ологсод олон болсон.

Хятадуудын гар хөл болсон, шуналтай хүмүүс нэмэгдэж байна. Ийм байдал үүсгэсэн нь бидний буруу. Тэгэхээр хэн биднийг ийм болгосон гэдгийг ойлгоод бүгдээрээ нийлээд энэ өв соёлоо хадгалж үлдэе. Тэр цаг нь болжээ гэж хэлмээр байна.

-Энэ талаар та олон жил дуугарсан. Ямар нэгэн үр дүн харагдаж байна уу?

-Тийм ээ. Би ярьсаар сүүлдээ цөхөрсөн. Миний талаар “Хурцаа хулгайч, Тэр Монголын анг дуусгасан” гээд л зүхэж эхэлсэн. Би үүнийг хүлээн зөвшөөрдөг юм. Хүлээн зөвшөөрөхгүй бол болохгүй. Гэхдээ надад өөрийгөө хамгаалах материал бий. Би улсын тушаалаар олон жил ан агнаж, их хэмжээний орлого оруулсан. Нэг өдөр зуун зээр агнах үүрэг аваад биелүүлж байсан тохиолдол олон бий. Үүнийг сонссон хүн намайг алуурчин гэхгүй яах юм. Гэхдээ өөрийн эрх ашигт тулгуурлаж байгаагүй болохоор надад айх зүйл байхгүй.

-Олзонд нүд аньж чадахгүй байгаа хүн энэ цаг үед олон байна уу. Ер нь гөрөөчин хүн гэж хэн юм бэ?

-Манай гөрөөчид өөрсдийн гэсэн дүрэм журамтай гэж хэлсэн. Буруу зүйл хийж, олзонд нүд аньж чадахгүй байгаа хүнээ эхлээд баалдаг. “Муу хүнд газар бүү үзүүл” гэдэг дээ. Тэрэн шиг жаахан шуналтай хүмүүст газраа ч зааж өгдөггүй байлаа. Ан хийнэ гэдэг алахын нэр биш. Угтаа бол хүмүүсийг дагуулж яваад нүд тайлах, хүмүүст энэ амьтныг алж болохгүй юм шүү гэдэг сэтгэлгээг суулгах юм. Мөн гахай агнана л гэсэн бол яг л тэрийгээ агнадаг түүнээс өөр зүйл агнах хориотой байдаг. Алах гэдэг үгийг ч хэрэглэхээс цээрлэдэг байлаа. Одоо ч хамаагүй болжээ.

-Тэгвэл яг таны хэлээд байгаа шиг жинхэнэ гөрөөчин байна уу. Цөөн ч гэсэн байгаа болов уу гэж харах юм?

-Байна аа. Бүх зүйл бас тийм ч муу муухай болсонгүй. Шуналынхаа сэтгэлийг дарж, байгаль дэлхийгээ мөн чанараар нь ойлгож чадсан хүнийг л гөрөөчин гэнэ. Энэ бол мэргэжил юм. Түүнээс дуртай нэг нь сонирхол хоббигоороо хийдэг ажил биш.


Шуналынхаа сэтгэлийг дарж, байгаль дэлхийгээ мөн чанараар нь ойлгож чадсан хүнийг л гөрөөчин гэнэ.



Хүмүүс тэгэж андуурдаг. Тэгж андуурч орж ирсэн хүмүүс л шуналдаа автаад байгаль дэлхийгээ сүйтгээд байгаа юм. Агнуур зүйчид гэж мэргэжил бий. Гэхдээ тэдний орон зай ч ажлаа хийх боломж байхгүй л байна.

-Та хөх төмрөө хөндлөн үүрээд олон жил амьдарсан. Олон ч газраар явж их зүйл үзсэн хүн байх даа?

-1975 онд цэргээс халагдсан. Түүнээс хойш гадны анчдаар ан агнуулдаг отог байгуулж явлаа. Олон жил газарчин хийсэн. Дээр нь анчдын нийгэмлэгийн гишүүн байсан. Татвараа төлнө, үүрэг биелүүлнэ, эрхээ эдэлнэ. Эрх нь юу гэхээр жилд ахуйн зориулалтаар ан агнаж болно гэсэн эрхтэй.

Үүрэг нь улсын төсвөө биелүүлэх байсан. Харин бага байхдаа үргээлгэ, ажиглалт гээд л хүнд хэцүү болгонд явдаг байсан. Энэ нь намайг шалгаж байсан хэрэг болов уу. Үнэхээр гөрөөчин болж чадах уу үгүй юу гэдгийг тэгж л сорьдог байсан байх. Хар хүйтэнд 2-3 км-ын зайд өндөр ууланд авираад л нус нулимстайгаа холилдож их явсан даа. Ер нь их өндөр шалгуурыг давж гөрөөчин болсон.

-Хүүхдүүд тань ан сонирхож байна уу. Гөрөөчин удмаа таслахгүй юм сан гэж боддог уу?

-Бүгд их дуртай. Гэхдээ би анчин гөрөөчин болгохгүй. “Байгаль орчин хамгаалах үйлсэд зүтгэ” гэж хэлдэг. Хүүхдүүд минь бүгдээрээ миний хүлэмжид хувь нэм­рээ оруулаад явж бай­на. Албан ажлынхаа зав зайгаар очиж мод тарьж, арчлах ажил хийдэг.

-Ан агнах уламжлалт арга олон бий. Таны хувьд аль аргыг нь онцлох вэ?

-Өглөө чоно тосох, үргээлгэ хийх, гөрөөлөх гээд олон арга бий. Гэхдээ гахай гөрөөллөө гэхэд ганцхан гахайгаа л тойглоно. Түүнээс биш замдаа таарсан болгоныг буудаад явах нь анчин биш л дээ. Мөнанчдад нэг гоё зан байдаг. Тэр нь хэзээ ч хүнд долигнодоггүй. 1970 оны үед Ардын их хурлын дарга Лувсан гуай хааяа манай нутагт очиж гөрөө хийдэг байлаа. Тэр хүн тэнд очоод гөрөөчин л болдог.

Түүнээс би дарга гээд хойно очоод суухгүй. Одоо энэ байдал алдагдсан. Ерөнхийлөгч маань нэг газар яваад очихоор бүгд дольдогноод нөгөө хорио цээр хамаагүй агнуулж байна. Ингэж болохгүй. “Шударга байя л даа” гэж хэлэх дуртай хүн олон​ болсон.

Энэ үгээ л хэрэгжүүлье. Цагаан газрын чоныг сайд дарга нар л дуусгаж байна. Дургүй байхад нь хүртэл хүчээр аваачаад “Май, чонын арьс хийморь тань ёстой сайхан сэргэнэ” гээд өгч байна. Ингэж болохгүй биз дээ.

Ерөнхийлөгч маань нэг газар яваад очихоор бүгд дольдогноод нөгөө хорио цээр хамаагүй агнуулж байна. Ингэж болохгүй. “Шударга байя л даа” гэж хэлэх дуртай хүн олон​ болсон.

-Үнэхээр хийморь сэргэдэг юм уу. Олон жил ан хийснээрээ та мэдэх байх?

-Энэ яавч монгол уламлал биш. Хятадаас орж ирсэн үг шүү дээ. Бидний сэтгэлгээгээр тоглох гэж ийм яриа гаргасан. Би тэгж л боддог. Түүнээс хийморь сэргээд байх нь ч хаашаа юм.

-Хүссэн ангаа хийсний дараах мэдрэмж ямар байдаг бол?

-Бид 3000 зээр ангах, 100, 200 бугын гэрээ хийгээд явдаг байлаа. Нэг л сэтгэхүй байдаг. Энэ нь төрийн өмнөөс гох дарж байгаа хэрэг юм гэсэн. Тиймээс надад халддаггүй. Би нэг удаа анд явахдаа нэг лам дээр очиж байлаа. “Олон амьтан агнана ном уншуулъя” гэсэн.

Гэтэл “Гөрөөчин хүний нүгэл буян тэнцдэг юм. Унших ном байхгүй” гэж хэлж байсан. Тэгэхээр шашинд хүртэл энэ тухай байгаа биз. Хэчнээн амь тасалсан ч гэсэн улсын хөрөнгийг зузаатгаж байна, хү­мүү­сийн ходоодыг ангийн махаар мялааж байна, тэр амьтных нь сэг зэмээр жижиг амьтад нь хооллочихож байна. Ийм л харилцан уялдаатай байж. Юм гэдэг сонин шүү.

Эх сурвалж: ikon.mn

Финляндын боловсролын систем




Финляндын Хельсинки хотод амьдардаг Наталья Киреева хэмээх орос эмэгтэйн бичсэн Финляндын боловсролын тогтолцооны талаарх нийтлэлийг уншаад их сонирхолтой санагдсан тул орчуулъя гэж бодов.

Олон улсын боловсролын системийг үнэлдэг PISA жагсаалтад Финляндын сурагчид тэргүүн байр эзэлдэг. Хамгийн сүүлд гэхэд Байгалийн шинжлэх ухаанаар 2-т, Математикаар 5-д бичигдсэн ба мөн тэд хамгийн их ном уншдаг хүүхдүүдээр тодров. Гэвч бусад улсын боловсролын салбарынхныг энэ биш өөр зүйл гайхшруулжээ. Фин хүүхдүүд ийм өндөр үнэлгээ авдаг атлаа маш бага цагийг хичээлдээ зарцуулдаг аж.

Финляндын ерөнхий боловсролыг 2 ангилдаг:
доод (alakoulu) буюу 1-ээс 6-р анги
дээд (yläkoulu) буюу 7-оос 9-р анги

Нэмэлт анги буюу 10-р ангид заавал суух албагүй. Харин сурагч өөрөө хүсвэл сууж дүнгээ сайжруулах боломжтой. Дараа нь сурагчид коллеж эсвэл ахлах сургууль буюу 11, 12-р ангид үргэлжлүүлэн суралцдаг байна.

ТЭГШ БАЙДАЛ

Сургуулиуд бүгд ижил
Шилдэг эсвэл чанар муу сургууль гэсэн ойлголт байхгүй. Улсын хамгийн том сургууль нь 960 сурагч, хамгийн жижиг нь 11 сурагчтай. Гэхдээ тэд яг адилхан боломж, тоноглолтой, санхүүжилт нь тэгш хуваарилагддаг. 10 гаруй сургуулийн хагас төрийн, үлдсэн нь улсын сургуулиуд юм.

Хагас төрийн сургуулийн ялгаа нь эцэг эхчүүд сайн дураар онцгой сургалтын системийг сонгож нэмэлт санхүүжилт хийдэг байна: Монтессори, Френе, Штайнер, Мортана болон Вальфдорскийн сургалт.

Хувийн сургууль нь мөн англи, герман, франц хэлтэй сургууль гэж бас ойлгож болно. Мөн дан цэцэрлэгээс их сургууль хүртэл Швед хэлээр заадаг параллель тогтолцоо байдаг.

Хойд нутагт байрлах Саамын бага ард түмэн өөрийн хэл дээр боловсрол эзэмшиж болдог байна. Саяыг хүртэл Финчүүдийг өөрт хамгийн ойр орших сургууль сурахыг шаарддаг байсан ба өөр сургуульд шилжихийг хориглодог байсан энэхүү хоригийг цуцалсан байна. Хэдийгээр цуцалсан ч ихэнх эцэг эхчүүд ойр сургуульдаа хүүхдүүдээ өгсөн хэвээр байгаа, учир нь гэвэл бүгд ижилхэн сайн учраас.

Бүх хичээл чухал
Нэг төрлийн хичээлийг гүнзгийрүүлж сурахын тулд бусад хичээлийг орхигдуулахыг сайшаадаггүй. Жишээ нь тоо бодлого урлагийн хичээлээс чухал гэсэн үг биш.

Харин ч эсрэгээрээ уран зураг, дуу хөгжим, спортод хүүхэд авьяастай бол тэр хичээлээ илүү гүнзгийрүүлэх боломж өндөр.



Эцэг эх бүгдээрээ л ижил
Хүүхдийн эцэг эх ямар ажил эрхэлдэг, нийгэмд ямар байр суурь эзэлдэг багшид огт сонин биш. Эцэг эхийн ажлын байрны талаарх мэдээлэл авахыг хориглодог байна.

Сурагч бүр онцгой
Финляндад "сонгоны" анги гэж байдаггүй. Мөн муу болон сайн сурагч гэсэн ойлголт ч байхгүй. Нэг сурагчийг нөгөөтэй харьцуулах хориотой.

Гоц болон оюуны хоцрогдолтой хүүхдүүдийг аль алийг нь онцгой хэмээн авч үздэг ба бусадтайгаа хамт сурдаг. Хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй хүүхдүүд бусадтайгаа хамт нэг ангид л сурцгаадаг. Энгийн сургууль дотор хараа болон сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн анги гэж байдаг.



Финчүүд онцгой анхаарал шаардагддаг хүүхдүүдийг бусадтайгаа зэрэгцэж нийгэмшүүлэхийг хичээдэг. Сайн болон муу сурагч хоорондын ялгаагаар дэлхийд сүүл мушгина.

"Анхандаа миний охин Фин сургуульд сурч эхлэхэд миний дургүй хүрч байсан, учир нь тэр бусдаас илүү сурдаг. Харин харааны бэрхшээлтэй хүү маань сургуульд сурч эхлэхэд надад Фин сургалт үнэхээр таалагдсан" гэж нэгэн Орос ээж сэтгэгдлээ хуваалцсан юм.

Багш нар адилхан
Хайртай эсвэл үзэн яддаг багш гэж байхгүй. Багш нар мөн ямар нэг ангид өөриймсөг хандахыг хориглодог байна.

Ямар нэг иймэрхүү хандлага ажиглагдвал гэрээгээ цуцалдаг аж. Фин багш нар зөвхөн өөрийнхөө ажлыг сайн гүйцэтгэх үүрэгтэй байдаг аж. Физик, уран зохион, хөдөлмөрийн багш нар бүгд адилхан түвшинтэй.

Том хүн, хүүхэд хоёрын эрх тэгш
Финчүүд энэ зарчмаа "сурагчдад хүндэтгэлтэй ханд" гэж нэрлэдэг. Хүүхдүүдэд нэгдүгээр ангиас нь тэдний эрх, үүргийг ойлгуулдаг байна. Тэр байтугай том хүнийг нийгмийн ажилтанд гомдоллох эрхийг нь хүртэл заадаг.



Энэ зарчим нь Фин эцэг эхчүүдийг хүүхэд гэдэг бие даасан хувь хүн гэдгийг ойлгуулахад их хэрэг болдог аж. Үг болон үйлдлээр өвтгөхийг хориглодог.

Хүүхдийг гутаах нь Фин багш нарын арга барил биш. Тэдний ганц онцлог нь хөдөлмөрийн гэрээгээ ганц жилээр хийж, жил жилээр сунгадаг. Харин багш нарын цалин өндөр, туслах гэхэд 2500 евро буюу 5 сая 600 мянган төгрөг, багш 5000 евро буюу 11 сая төгрөг сард авдаг.

ТӨЛБӨРГҮЙ

Боловсрол үнэгүйгээс гадна:
Хоол
Музей болон ангиас гадуурх арга хэмжээ
Хэрвээ сургууль 2 км-ээс хол бол хүүхдийг гэрээс нь сургууль, сургуулиас гэр хүртэлх хүргэж өгөх тээвэр үнэгүй
Ном, сурах бичиг, бичиг хэрэг, тооны машин бүр зарим тохиолдолд зориулалтын нөүтбүүк хүртэл үнэгүй. Ямар ч зорилгоор хамаагүй эцэг, эх нэмэлт юм хүүхэддээ худалдан авч өгөх хориотой.



ХҮҮХЭД БҮР ОНЦГОЙ
Хүүхэд бүрд тусгайлсан сургалт болон хөгжлийн төлөвлөгөө боловсруулдаг. Ингэхийн тулд шаардлагатай сурах бичиг, дасгал, гэрийн даалгавар түүнд зарцуулах хугацааг төлөвлөдөг.
Нарийвчлах шаардлагатай бол нарийн дэлгэрэнгүй сургалт, ерөнхий сонирхолтойд хураангуй сургалт төлөвлөдөг.
Нэг ангид хүүхдүүд өөр өөр түвшний дасгал, бодлого боддог.
Үнэлгээ нь хувийн төлөвлөгөөний дагуу үнэлэгддэг. Өөрийнхөө даалгаврыг сайн гүйцэтгэсэн бол "онц" гээд маргааш нь арай хүнд даалгавар өгнө. Хийж чадахгүй бол санаа зовох зүйлгүй, буцаад хөнгөхөн даалгавар авна.

Үндсэн сургалтын хөтөлбөрөөс гадна хоёр сонирхолтой онцгой хөтөлбөр байдаг:

1. Хоцрогдол арилгах сургалт. Финлянд багш нар сайн дураараа хоцрогдол арилгах ажлыг гүйцэтгэдэг.
2. Дэмжлэг үзүүлэх сургалт. Финлянд хэлийг ойлгохгүй, эсвэл ой тогтоолт муу, тоо бодлого ойлгохгүй эсвэл харилцааны асуудалтай бол цөөхөн хүүхэдтэй бүлэг үүсгэж тусгай сургалт өгдөг байна.

АМЬДРАЛД ОЙР БАЙХ

"Нэг бол амьдралд бэлд үгүй бол шалгалтад бэлд, бид эхнийхийг нь сонгож байна" гэж Финчүүд ярьдаг. Тиймээс Фин сургуулиудад шалгалт гэж байдаггүй. Багш шаардлагатай гэж үзвэл түвшин тогтоох сорил гэж авдаг.

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөлтийн шалгалт гэж нэг стандарт шалгалт байдаг. Гэхдээ багш нар үр дүнд нь тэгж их анхаардаггүй. Хэн нэгний төлөө амьдарч байгаа мэт хүүхдүүдтэй дүнгээр нь тооцоо бодох шаардлагагүй. Байгаа юм байгаагаараа л сайхан.

Сургуульд яг амьдралд юу хэрэг болдог тэрийг л заадаг. Жишээ нь гэрийн зуух барих хэрэг болохгүй тиймээс заадаггүй. Гэхдээ Фин хүүхдүүд банкны карт, гэрээ, хөрөнгийн сан гэж юу байдгийг мэддэг. Хөрөнгө өвлөж авахдаа төлөх татвар эсвэл ирээдүйн орлогынхоо татварыг тооцож чадна. Хувийн вэб сайт нээж, хямдралын дараах барааны үнийг зөв тооцож чаддаг.

ИТГЭЛЦЭЛ

Нэгдүгээрт, багш нарт итгэ. Сургуулийн ажилтнууд болон багш нарыг шалгаадаггүй, сургалтын арга зүйч гэж байдаггүй, заах аргыг нь заадаггүй. Орон даяар ганц сургалтын хөтөлбөртэй боловч багш болгон өөрийн зөв гэж үзсэн аргаар заадаг.



Хоёрдугаарт, сурагчдад итгэ. Хичээл дээр хэрвээ хүсвэл өөрийнхөө дуртай юмаа хийж болно. Жишээ нь уран зохиолын хичээл дээр сургалтын кино үзүүлэхэд сурагчид сонирхолгүй бол өөр ном уншиж болно. Сурагч өөрөө өөртөө юу нь чухал вэ гэдгийг сонгож чаддаг гэж үздэг.

САЙН ДУРААРАА СУРАХ

Хэн хүсэж байна тэр сурдаг. Сурган хүмүүжүүлэгч нар хүүхдийн сонирхлыг татах гэж хичээдэг, хэрвээ хүүхэд огт сонирхохгүй, эсвэл сурах боломжгүй бол хүүхдийг F-ээр бөмбөгдөлгүй аль болох ирээдүйн амьдралд нь хэрэгтэй хэцүү биш мэргэжилд бэлддэг.

Бүх хүн онгоц зохион бүтээх албагүй шүү дээ, хэн нэг нь автобус барих шаардлагатай л болно.

Ерөнхий боловсролын сургуулийн бас нэгэн зорилго нь хүүхдийг үргэлжлүүлж их дээд сургуульд сурах уу эсвэл мэргэжлийн сургалтад хамрагдсан нь дээр үү гэдгийг илрүүлэх байдаг. Аль ч мэргэжилд тэд адилхан хүндэтгэлтэй ханддаг гэдгийг дурдах нь зүйтэй байх.

Хүүхэд бүртэй харилцан ярьж сорилын аргаар тодорхой чиглэлд сонирхолтой хүүхдийг бэлдэж сургуулийн мэргэжилтэн буюу "ирээдүйн багш" болгодог.

Ерөнхийдөө Финлянд сургалтын хөтөлбөр энгийн бөгөөд хялбар, гэхдээ алгасаж болно гэсэн үг биш. Хүүхдийн цонхолсон хичээл бүрд нөхөж суулгадаг.

Жишээ нь багш 6-р ангийн сурагчийнхаа хувийн хэргээс цонхолсон хичээл олох юм бол 2-р анги ч бай хамаагүй нөхөн суулгадаг. Бага насны сурагчдад харин саад болбол суусан гэж тооцдоггүй.

Багшийн өгсөн даалгаврыг хичээл дээрээ хийхгүй бол эцэг эхийг нь дуудаж, сүрдүүлж, доромжилж, тэнэг эсвэл залхуугаар нь дууддаггүй. Хэрвээ эцэг эх нь хүүхдэдээ анхаарал хандуулахгүй бол улируулна.

Улирна гэдэг Финляндад тийм гутамшигтай зүйл биш. Ялангуяа 9-р ангийн дараа. Амьдралд бэлдэнэ гэдэг тоглоом биш, тиймээс Финляндад зайлшгүй сурах албагүй ч нэмэлт буюу 10-р анги гэж байдаг.

БИЕ ДААХ

Финчүүд ирээдүйн амьдралаа амжилттай байхын тулд хүүхдэд байх ёстой хамгийн чухал чадвар бол бие даах чадвар гэж үздэг. Тиймээс бие даан мэдлэгээ тэлэх ухамсар суулгадаг.

Шинэ сэдвийн тухай багш ярьдаггүй бүгд номонд бий. Томьёог заах нь чухал биш харин гарын авлага, интернэт, тооны машин ашиглаж сурах нь чухал.

Асуудлыг шийдэхдээ боломжит бүх нөөц бололцоог ашиглаж сурах нь чухал. Багш нар сурагчдын хувийн зохион байгуулалтын асуудалд оролцдоггүй, тэд биеэ дааж өөрсдийгөө бүх л талаар хөгжүүлэх боломжийг нь олгодог.



ХЭР УДААН СУРДАГ ВЭ?

Финляндын сургалтын жил яг тодорхой заасан өдөр эхэлдэггүй, наймдугаар сарын 8-наас 16-ны хооронд эхэлж, тавдугаар сарын сүүлээр дуусдаг. Намар 3-4 хоног, шинэ жилээр 2 долоо хоног, 2-р сард долоо хоног амардаг. 7 хоногийн 5 өдөр хичээллэдэг, Баасан гарагт хагас ордог.

ЮУ ЗААДАГ ВЭ?

1-2-р анги
Эх хэл буюу Фин хэл, тоо бодлого, унших бичиг, байгалийн ухаан, шашин эсвэл амьдралын ухаан, зохион бүтээх урлаг, дуу хөгжим, хөдөлмөр, биеийн тамир. Нэг ангид шууд олон төрлийн хичээл орж болдог.

3-6-р анги
3-р ангиас англи хэл, 4-р ангиас Франц, Швед, Герман эсвэл Орос хэлнээс дахин нэг хэл сонгодог. Мөн сургууль болгоны онцлогоос хамаарч нэмэлт сургалт ордог: тухайлбал хурдан шивэх сургалт, компьютерийн хэрэглээ, мужааны сургалт, найрал дууны хичээл. Бараг бүх сургуульд 9 наснаас ямар нэг хөгжмийн зэмсгийн хичээл ордог. Бөмбөрөөс авахуулаад бүрээ алийг нь ч сонгож болно.



5-р ангиас биологи, газар зүй, физик, хими, түүх нэмэгддэг. 1-6 анги хүртэл нэг багш бүх хичээлийг заадаг. Биеийн тамирын хичээл гэдэг нь долоо хоног бүр ордог дурын спортын тоглоом байж болдог. Биеийн тамирын дараа заавал усанд орно.

7-9 анги
Фин хэл, англи хэл, математик, биологи, газар зүй, физик, хими, эрүүл мэнд, амьдралын ухаан, шашин, дуу хөгжим, зохион бүтээх урлаг, биеийн тамир болон хөдөлмөр. Хөдөлмөрийн хичээлийг эмэгтэй, эрэгтэй гэж ялгагддаггүй, бүгд хамтдаа шөл хийж сурцгаадаг.

9-р ангид хоёр долоо хоног ажлын байртай танилцдаг. Хүүхдүүд хүссэн ажлын байран дээр дуртайяа ажиллаж үздэг.

Дүн хэнд хэрэгтэй вэ?
Улс даяар 10 онооны системтэй боловч 7-р анги хүртэл үгээр дүгнэдэг: хангахуйц, боломжийн, сайн, онц. 1-3 ангид ямар ч төрлийн дүн тавьдаггүй. Бүх сургууль улсын нэгдсэн үнэлгээний "Wilma" системд холбогдсон байдаг.

Эцэг эх тусгай хандах эрх авдаг. Багш нар дүн болон, хичээлийн ирц, хүүхдийн сургууль дахь амьдрал, сэтгэл зүй, нийгмийн идэвх, хүүхдийн сонирхлын талаар тэмдэглэл хөтөлдөг. Фин сургуульд дүн тийм ч чухал биш сурагч хэрвээ хүсвэл өөрөө өөрийгөө идэвхжүүлэх зорилгоор л ашигладаг.

Дүн багшийн ажлын байр болон сургуулийн үзүүлэлтэд ямар ч нөлөө үзүүлдэггүй.

Сургуулийн амьдралын тухай мэдээлэл
  • Сургуульд ороход харуул гэж байхгүй, бараг бүх сургууль автомат хаалгатай ба зөвхөн хичээлийн хуваарийн дагуу анги сургуульд нэвтрэх боломжтой.
  • Хүүхдүүд заавал ширээний ард суух албагүй, хүсвэл ширдгэн дээр тухалж болно. Зарим сургуулиуд, буйдантай байх жишээний. Бага анги ихэнх нь хивс, ширдэгтэй.
  • Дүрэмт хувцас гэж байхгүйгээр барахгүй хэрвээ хүүхэд хүсвэл унтлагын хувцастайгаа ирсэн ч болно. Солих гутал шаардагддаг, гэхдээ бага ангийн хүүхдүүд оймстойгоо гүйхийг илүүд үздэг байна.
  • Дулаан улиралд хааяа хичээл задгай тэнгэрт шууд зүлгэн дээр эсвэл задгай танхимд ордог. Бага ангиудыг завсарлагааны цагаар заавал гадаа гарч салхилуулдаг.
  • Гэрийн даалгавар ховорхон өгдөг. Хүүхдүүд амрах хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдийнхээ гэрийн даалгаврыг нь хамт хийдэггүй, багш нар тэрний оронд гэрээрээ музей үзэх, ой модоор зугаалах, усанд сэлэхийг илүү зөвлөдөг.
  • Самбар дээр хүүхдийг гаргадаггүй. Багш хичээлийн ерөнхий ухагдахууныг тайлбарлаад даалгавар өгч сурагч бүрийг даалгавраа хийж гүйцэтгэхэд нь тусалдаг.
  • Дэвтэр дээр харандаагаар бичиж болно.

Финляндын боловсролын системийн талаар товчхон бичвэл иймэрхүү л байна. Магадгүй зарим хүмүүст зарим зарчим буруу санагдах байх, гэхдээ Финчүүд төгс байхын төлөө өрсөлддөггүй, хүрсэн амжилтандаа ч сэтгэл нь ханадаггүй. Тэдэнд сайжирч л байх нь хамгийн чухал. Тэд үргэлж сургалтын системээ нийгмийнхээ өөрчлөлттэй тааруулж хөгжүүлдэг.

Жишээ нь тэд яг одоогоор математикийг алгебр, геометр гэж хоёр салгаж үзэх цагийг нь нэмэх ба уран зохиол нийгмийн ухаан хоёрыг тусад нь салгах талаар хэлэлцэж байгаа.

Фин хүүхдүүд сургуулиа үзэн яддаггүй, хурдан том болоосой гэж мөрөөддөггүй, шалгалтандаа бэлдэх гэж гэр бүлээ хүндрүүлдэггүй. Тайван, ухаалаг бас баяр баясгалантай.

Тэд ном их уншдаг, орчуулгагүйгээр хөнгөхөн кино үзчихдэг, компьютер тоглоом тоглож, дуу зохиож, роликоор гулгадаг. Тэд гоё амьдарч чадахын хажуугаар сайн сурч амждаг.

Б.Аригуун twitter.com/ariguunb
Эх сурвалж: gogo.mn

Зөвхөн танд зориулсан чихэвч



Таны чихэвч сугараад байна уу? Эсвэл утас нь орооцолдоод хэцүү байна уу? Том чихэвчид дургүй юу? Тэгвэл яг танд зориулсан/шууд утгаараа шүү/ чихэвчийг бүтээжээ.

OwnPhones гэх энэхүү чихэвч нь таны чихний хонхорт яг таарах бөгөөд дэвшилтэт технологид суурилжээ. Өнөөдөр үйлдвэрлэлийн салбарт томоохон орон зайг эзлэх болсон гурван хэмжээст технологийн ачаар хүн тус бүрт зориулсан чихэвч бүтээж байна.

Үндсэн дөрвөн төрлийн загвартай энэхүү чихэвч ямар ч утасгүй бөгөөд Bluetooth ашиглан өөрийнхөө утас, хөгжимтэй холбон сонсох юм. Хамгийн гол нь орчны чимээ тусгаарлах горимтой бөгөөд та үүнийг нь хүссэнээр тохируулж болох аж.

Энэхүү чихэвчийн санааг олсон, OwnPhones-ийн гүйцэтгэх захирал Итамар Жобани “Бид үйлдвэрлэлийн салбарын шинэ загварыг бүтээж байна. Яг нэг загвартай олон сая чихэвч үйлдвэрлэхийн оронд хүн тус бүрт зориулсан чихэвч үйлдвэрлэх нь хэрэглэгчдээ бодсон хэрэг. Хүний чих гэдэг яг л хурууны хээтэй адил дахин давтагдашгүй зүйл. Тиймээс л бид зөвхөн таны чихэнд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна” гэжээ.

Сэрүүлэгний чимээ, найзынхаа хоолойг таниулснаар таны чихэвч тухайн чимээг танд алдалгүй хүргэх аж.

OwnPhones-ийн дуу чимээ тусгаарлах систем нь тун ч өвөрмөц. Хэдийгээр чимээ болгоныг тусгаарлахгүй ч та олон нийтийн газар бусдын яриа, машины чимээг тусгаарлаж болох бол зарим дуу чимээг таниулан нээж болно. Сэрүүлэгний чимээ, найзынхаа хоолойг таниулснаар таны чихэвч тухайн чимээг танд алдалгүй хүргэх аж.

Зөвхөн танд зориулсан гээд байгаагийн бас нэг шалтгаан бол таныг завтай үгүйг илтгэх гэрэл асдаг. Та бусадтай харилцахыг хүсэхгүй байгаа тохиолдолд улаанаар асах бол шар өнгө нь завгүй байгааг, ногоон өнгө нь “Алив ярилцъя” гэсэн утгыг илэрхийлэх аж.

Өнгөрсөн жил OwnPhones Kickstarter сайт дээр өөрсдийн хуудсыг нээж 250,000 ам. долларын хүсэлт гаргажээ. Наймдугаар сарын 25-ны өдөр тэдний бүтээлийг үнэлсэн 3526 хүний ачаар 767,472 ам. доллартой болсон байна.

Компани бүтээгдэхүүнээ энэ оны тавдугаар сард худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд нэг тус бүрийн үнэ нь 199,00-349,00 ам. долларын үнэтэй байх аж.


Эх сурвалж: http://news.gogo.mn/

Зул сарын баярын содон явдал



Үнэн алдартны шашинтнууд энэ өдрүүдэд Зул сарын баяраа тэмдэглэж байгаа билээ. Энэ баярын үеэр содон үйл явдал болсны нэг нь Балтын тэнгисийн эрэг дээрх Калининград хотын ойролцоо шуурганы улмаас “нарны чулуу” буюу хув их хэмжээтэй хаягдсан аж.

Долооны өглөөнөөс эхлээд орон нутгийн иргэд “далайн нулимс” ч гэж хэлэгддэг энэ чулууг цуглуулж эхэлсэн байна.

Янтарный тосгонд хувны дэлхийн нөөцийн 95 хувь нь байдаг гэж үздэг. Эдгээр чулуу 50 сая жилийн тэртээгээс бүрдэн тогтсон гэж үздэг бөгөөд шуурганаар голдуу жижигхэн чулуу гарч ирсэн аж. Харин том хэмжээний хув ийм нөхцөлд илрэх нь тун ховор гэнэ.

Эх сурвалж: http://news.gogo.mn/

Сайхан зөвөлгөө (Финланд ардын үлгэр)

Добрые советы Нэгэн өнчин хүү амьдардаг байжээ. Маш ядуу учраас өдөр бүр л их өлсдөг байлаа. Тэгээд тэр хорвоо дэлхийгээр хэрэн хэсэхээр шийдэв - ямар ч хамаагүй идэх юм олдох ч юм билүү. Алхаад л байлаа, алхаад л байлаа. Орой болоход өлсөж ядарсан тэрээр ойд модонд ирсэн байв. Гэнэт нэгэн шувуу олж хараад шарж идэхээр шийджээ. Гэтэл шувуу гэнэт хүний хэлээр "Намайг битгий хөнөөгөөч, сайхан сэтгэлт аянчин минь, тавьж явуулаач дээ" хэмээжээ. Залуу хархүү сайхан сэтгэлтэй тул шувууг чөлөөлөн нисгэлээ.
Шувуу далавчаа дэлгээд хэлсэн нь:
- Чамд талархсан сэтгэлээ илэрхийлээд зөвөлгөө өгье. Маш том царс мод олж хартлаа энэ замаар яваарай. Тэгээд модонд дээр авирч гараад тэндээ шөнөжингөө суу. Тэгээд юу болохыг хараарай.

Залуу хэлсэн ёсоор нөгөө замаар явж, модыг олж хараад, дээр нь авиран гарч, томоохон мөчир олж аваад суулаа. Тун удалгүй хэн нэгэн царс модон дор яриад байгаа юм шиг санагдав. Сонсохнээ, гурван анахай ярьж байна.

- Таминь, сонсоцгоовуу? - гэж нэг нь дуугараад. - Хааны цэцэрлэгт горхи ширгэсэн байна, урьд нь ямар сайхан тунгалаг ус урсдаг байлаа даа! Хажууханд нь ургах нарс модыг унагаад үндсийг нь ухаад гаргачихад л ус буцаад урсчихна гэж хэн таах билээ дээ?

- Би ч бас нэг нууц мэднэ, - хэмээн нөгөөх нь хэлэв. - Хааны ойд урд нь олон хандгай байдаг байлаа, харин одоо ганц ч байхгүй. Тэд цэцэрлэгийн хаалганы тэндэх хандгайн эвэрнээс айгаад байгаа юм. Эврийг авчихад л өөрсдөө буцаад ирнэ гэж хаан мэдэхгүй л дээ.

- Би ч бас нэг юм мэдэх юм байна, - гэж гурав дахь нь хэллээ. - Хааны ганц охин олон жил өвдөж байгаа. Нэг ч эмч гүнжийг эмчилж чадаагүй. Харин гүнжийг цэцэрлэгт нар ургахаас өмнө авч ирээд шүүдрийн усаар шүршвэл тэр даруй эдгэрнэ дээ.

Анахай нар ярьж дуусаад яваад өгөв. Залуу бүгдийг тогтоож аваад өглөө нь модноос бууж хааны ордон уруу ажил хайхаар явлаа.

- Ус зөөгч хийх үү? Бид одоо их холоос ус зөөдөг болсон. Урд нь цэцэрлэгт горхи урсдаг байлаа, одоо харин хатсан.
Залуу горхи байсан газрыг тойруулж хартал царс яг байж байлаа:
- Хэрвээ энэ царсыг буулгаад үндсийг нь ухаж гаргах юм бол ус дахин гарна.

Модыг буулгаж, үндсийг ухаж гаргатал горхи урьдын адил тунгалаг усаар урсав.
Хаан залууг дуудаж ирүүлээд:
- Чи хандгайнуудыг яаж буцаан авчрахыг мэдэх үү? Урд нь хандгай энд сүрэг сүргээрээ л бэлчдэг байлаа. Одоо харин алга болчихсон.

- Энэ ч тун амархан, эзэнтэн минь, - гэж залуу инээмсэглээд
- Цэцэрлэгийн хаалган дээрх хандгайн эврийг л авч хаях хэрэгтэй. Тэгээд л болоо.

Хаан эврийг авахыг тушаалаа. Хандгайнууд ч буцаж ирлээ.

- Чи сайн зөвлөгч байна шүү, - гэж хаан ихэд сайшаав.

- Чи миний охиныг хүнд өвчнөөс нь салгаж туслах юм биш биз? Олон жил өвдөж байгаа юм.
- Охиноо та нар ургахаас өмнө цэцэрлэгт аваачаад шүүдрийн усаар шүршээрэй. Тэгээд л зүгээр болно.

Хаан гүнжээ цэцэрлэгт аваачин шүүдрийн усаар шүршив. Охин тэр даруй эдгэрлээ. Хаан залууд баярлаж талархан залууг ордонд үлдээн нэгдүгээр зөвлөх болголоо.

Ингээд залуу ордонд аз жаргалтай амьдарч эхэлжээ.




Орчуулсан эх сурвалж: http://www.planetaskazok.ru/

Ханиадны эмгүй эмчилгээний жор

Ойрын үед ханиадны вирусийн ид дэгдэлтийн үе эхэлж байгаа энэ үед манай ээжүүд эмийн эмчилгээнээс татгалзаж гэрийн аргаар буюу эмийн бус аргаар хүүхдүүддээ эмчлэх талаар эрэл хайгуул хийх болжээ. Ингээд та нартаа интернет орчинд ээжүүдийн хэрэглэж байгаа эмгүй эмчилгээний жоруудыг нэгтгэн хүргэж байна.




 1. Улаан манжингийн сироп нь хий ханиалгад маш сайн нөлөөтэй бөгөөд хүндрээгүй тохиолдолд эмийг орлож чадах үйлчилгээ үзүүлж чаддаг учраас ээжүүдийн дунд ихээхэн хэрэглэгдэж байгаа билээ. Үүнийг бэлтгэхдээ шинэ хатуу улаан манжинг томоос нь сонгон авч, иш хэсгийн хэрчин манжингийн дотор хэсгийг аяга шиг ухаж авна. Ухсан хэсэгтээ бор сахар /цагаан сахар хэрэглэж болно/ дүүртэл хийгээд хэрчсэн ишээрээ таглан аяганд хийн печинд 30 сек халаана. Ингэснээр багахан хэмжээний сироп бэлдмэл гарах бөгөөд үүнийгээ өдрийн 3 удаа цайны халбагаар өгнө. 

2. Витаминжуулсан алим. Ханиаданд алимыг жигнэж өгөх нь эхэн үед сайн нөлөө үзүүлнэ. Харин үүнийг дараах байдлаар баяжуулж болох нь ээ. Алимны доторх хэсгийг ухаж аваад бага зэрэг ус хийж үрлэн витамин С хийн печинд юм уу жигнүүрт жигнэх. Эсвэл ухсан хэсэгт аарц, зөгийн бал, тараг зэргийг хийж жигнэн, халуун бүлээнээр нь хүүхдэд идүүлнэ. Энэ нь ханиаднаас урьдчилан сэргийлэх болон дөнгөж эхэлж буй ханиаданд эмийг орлох хүчтэй. /Алимны оронд лийр хэрэглэж болно. 

 3. Цэвэр жимсний ханд. Ханиадтай үед болон урьдчилан сэргийлэх үүднээс аньс, чацаргана зэргийг өдөр тутам хэрэглэх нь олон ашиг тустай. Эдгээр жимсийг шинээр нь худалдан авч, хэсэгчлэн хөлдөөж, буцалгаж өгвөль шим тэжээл нь алдагдахгүй. Мөн гашуун төрлийн жимснүүд учраас үзэм болон зөгийн балаар амталж өгвөл таны хүүхдэд таалагдах болно. 



 4. Цагаан гаа, лимон, зөгийн балын ундаа. Энэхүү ундаа нь мөн ханиаднаас урьдчилан сэргийлэх болон ханиад дарах үйлчилгээтэй. Лимоныг нарийн хэрчиж, зөгийн бал сахартай хольж, сайтар шингээж өгнө, дээр нь 2ш лимонд нэг лимоны хагастай тэнцэх үрж бэлдсэн цагаан гаа байхаар тооцож, сайтар ариутгасан тагтай шилэнд бэлдцүүдээ хийж зөгийн балаа нэмнэ. 7-14 хоног хадгалсны дараа усанд болон цайнд нэг халбагыг уусгаж хэрэглэнэ.

 5.Сүүнд сармис, цагаан гаа, таргаван шийр зэргийн аль нэгийг хийж буцалгаж ууснаар хий ханиалганд их үр дүнтэй. Гэхдээ хөлс их гарах тул салхи авхуулахгүй байх тал дээр маш сайн анхаарах хэрэгтэй.


 6. Байцааны навч. Сүүлийн үед энэхүү арга ихэд үр дүнгээ өгч байгааг ээжүүд шуураад байгаа. Бөөрөнхий ногоон байцааны навчыг салгаж, халуун усанд дүрээд, цэвэр зөгийн бал түрхэж, хүүхдийн цээжинд наана. Бариу подволк өмсүүлэн салхи авахааргүй дулаалж унтуулна. Хэрэв хүүхдийн ханиад цэр их бол нуруунд бас тавьж болно. Ингэснээр зөгийн бал цэрийг сайн ховхолж, ханиадыг багасагдаг байна.

Анхаарах: Зөгийн балыг нэг нас хүртэл хэрэглэж болохгүй

Эх сурвалж: http://babyzone.mn/

Холбогдох © 2013 Бидний тухай

Сайхан мэдээ тараагаарай :) Биднийг дурдаж бас дэмжээрэй. Баярлалаа.